|
Гахайнаас гаралтай томуугийн А (H1N1) шинэ вирүс 2009 оны 4 дүгээр сард анх тодорхойлогдсон.Энэхүү вирүс нь хүнээс хүнд халдварлаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудад маш хурдацтай тархаж байна. 2009 оны 5 сарын 17-ны 06:00 GMT бүсийн цагаар, дэлхийн 39 улсаас томуугийн A(H1N1)swl вирүсийн халдварын 8480 тохиолдол, 72 нас баралт албан ёсоор мэдээлэгдээд байна.
Халдвар авсан хүн ханиах, найтаах үед халдварлагдсан агаар дусал гар, эд зүйлсийн гадаргууд бууж бохирдуулна, жин багатай жижиг хэсгүүд нь агаарт тоосонцор байдлаар тогтон үлддэг. Хүмүүс агаарт тогтсон тоосонцороор амьсгалах, эсвэл халдварлагдсан гар, эд зүйлстэй хүрэлцсэний улмаас халдварт өртөнө.
Томуугийн A(H1N1)swl шинэ вирүсийн халдварын үед илрэх анхны шинж тэмдгүүд нь жирийн улирлын томуу, томуу-төст өвчний шинж тэмдэгтэй адил байна. Тухайлбал: халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч, булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожих зарим үед бөөлжих, суулгах гэх мэт.
Томуугийн бусад вирүстэй харьцуулахад өвчлөл, нас баралтын хувь томуугийн A(H1N1)swl шинэ вирүсийн хувьд ямар байх нь одоогоор тодорхойгүй байна. Яагаад гэвэл энэ нь шинэ вирүс, ихэнхи хүмүүст энэ вирүсийн эсрэг дархлаа байхгүй бөгөөд өвчлөл өргөн тархах дутам илүү хурц, хор нөлөөтэй байж болохыг үгүйсгэхгүй байна. Зарим судлаачид шинэ вирүсийн тархалтын хүч (Ro) 1.4-1.6 байгаа нь улиралын томуугийн үзүүлэлтээс өндөр тул цартахлын зэрэглэлд авч үзэх боломжтой, эндэгдлийн зэрэглэл (нас баралтын хувь буюу case-fatality ratio: CFR) нь 0.4% байгаа нь 1957 оны цартахалтай ойролцоо түвшинд байна гэж үзжээ. “Science-express” (www.sciencexpress.org)
Цартахал гэдэг бол дэлхий нийтийг хамарсан тухай өвчний дэгдэлт юм. Томуугийн цар тахлын аюул, ноцтой байдлыг цар тахлын вирүсийн хоруу чанар, хурц хэлбэрээр өвчилсөн болон нас барсан тохиолдлын тоо нь гол тодорхойлогч болдог хэдий ч бусад олон хүчин зүйл цар тахлын аюул хор нөлөө ямар байхад нөлөөлдөг байна.
Түүнээс гадна нэг улсад эхэндээ эрүүл хүмүүсийн дунд хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэж байсан цар тахлын вирүс нөгөө улсад илүү өвчлөлт, нас баралт өндөр өвчин үүсгэж болно. Мөн цар тахлын дараагийн давалгаа олон улсад тархах явцад вирүсийн хоруу чанар өөрчлөгдөж болно.
Хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа цар тахлын аюулыг хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засаг, хөгжилд хэрхэн хор хохирол багатай даван туулахад өнөөгийн харилцан хамааралтай даяршсан дэлхий ертөнцийн эерэг болон сөрөг талуудыг зөв мэдэрч ашиглах нь нэн чухал юм. Үүний тулд үнэн зөв, цагаа олсон, шуурхай мэдээллээр хүн ам, шийдвэр гаргагч нарыг цаг алдахгүй, тогтмол хангаж ажиллахыг халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд зорьж байна. Та www.moh.mn, http://www.nccd.gov.mn, www.flu.mn сайтуудаас хэрэгцээтэй мэдээллийг авснаар өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг энэхүү шинэ вирүсийн халдварын аюул, эрсдэлээс хамгаалах мэдлэг, дадалтай болох болно. Шинэ болон сэргэж байгаа аливаа халдварт өвчний эсрэг мэдээлэлтэй, зөв мэдлэг, дадалтай байхыг нийт хүн амд уриалж байна.
|