|
There are no translations available
Томуугийн А хүрээний шинэ вирусийн халдвараас сэргийлэх
туршлага судлах хамтарсан уулзалтийн мэдээ
Замын үүд дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн санаачилгаар БНХАУ-ын Эрээн хотод 2009 оны 11 сарын 10-11-ний өдрүүдэд Томуугийн А хүрээний шинэ вирусийн халдвараас сэргийлэх ажлын туршлага солилцох уулзалтад ЭМЯ, ХӨСҮТ, МХЕГ, НМХГ-ын төлөөлөгчид оролцлоо. Эрээн хотод 2009 оны 10 дугаар сарын 12-нд томуугийн эхний тохиолдол илэрсэн бөгөөд нийт 12 хүн томуугийн А хүрээний Н1N1 вирүсийн халдвартай болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж эмчлэгдсэн байна. Эдгээрээс 6 нь Олон улсын хэлний сургуульд сурч буй монгол хүүхдүүд байсан байна. Мөн 700 гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн тул лабораторийн үзлэг шинжилгээ хийлгүйгээр томуугийн эмчилгээг шууд хийж, эмчилжээ. Эрээн хотод томуугийн шинж илэрсэн хүмүүс нь бүгд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд байсан байна. Нас барсан тохиолдол байхгүй байна.
Хятад улс нь “Лян хуа” хэмээх эмийн ургамлаар хийсэн эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа бөгөөд уг эм нь уушгийг цэвэрлэх, халуун бууруулах, вирүсийн эсрэг сайн үйлчилгээтэй гэж үнэлэгдэж байгаагийн зэрэгцээ Тамифлю эмийг хүндэрсэн тохиолдолд хэрэглэсэн байна.
Засгийн газраас, томуугийн үед хэрэглэх эм тарианы хангалтыг орон нутгийн эмийн сангуудад жигд хийж, нэг үнээр хүрэлцээтэй байлгах арга хэмжээг авсан байна.
БНХАУ- д үйлдвэрлэсэн Томуугийн вакциныг 4- 7 насны хүүхдүүд, сургуулийн 1, 2 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулан, нийт 4700 хүнд вакцин хийсэн байна.
Аялалын үр дүн цаашид бидний анхаарах асуудал
1. Ард иргэдэд хийж буй сургалт сурталчилгааны агуулгад анхаарч эерэг сурталчилгааг эрчимтэй зохион байгуулах
2. Иргэний хаягийн бүртгэл мэдээллийг улам боловсронгуй болгож, суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хүмүүсийг тодорхойлон тэдэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх
3. Эмнэлэг, албан байгууллага бүрийг халуун хэмжигч багажаар хангах, /дижитал термометр/ ажилчдын халууныг хэмжиж байнга хяналт тавьж байхаас гадна ялангуяа сургуулийн хичээл эхэлмэгц сурагчдын халууныг үзэж хичээлд нь суулгах ба халуунтай хүүхдэд холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
4. Бүх эмийн санг вирүсийн эсрэг эмээр хангах, үнийн жишиг тогтоох, зохицуулалт хийх талаар судлах
5. Нэвтрэн орох цэгийн зорчигчдод тавих хяналтыг сайжруулах, авто болон төмөр замаар зорчиж буй зорчигчдод шаардлагатай тохиолдолд эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлэх хэргэслээр хангах, үйлчлэгч нарыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
|