|
2010 оны 3 дугаар сарын 22-ны байдлаар халдварт өвчний мэдээ, мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт халдварт өвчний талаар анхаарал татсан асуудал гэвэл:
1. Ховд аймгийн Булган сумын сургуулийн 8-10 насны 120-иод хүүхэд хордлогын байдалтай өвчилсөнөөс 30-аад нь хүндэвтэр байгаа гэсэн мэдээтэй байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ, МХЕГ зэргээс мэргэжлийн баг явсан, 3 сарын 21-ны 15 цагт суманд очсон ажиллаж байна. Ерөнхийдөө хүүхдүүдийн биеийн байдал гайгүй, үзлэг, шинжилгээ, эмчилгээ, шалтгааныг тогтоох судалгаа хийж байна гэсэн мэдээлэлтэй байна.
Жил бүрийн 3 дугаар сарын 24 “ Олон улсын сүрьеэтэй тэмцэх өдөр” Энэ жилийн өдрийг “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд шинэчлэл хийцгээе” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Сүрьеэ бол дэлхий дахинд дахин сэргэж байгаа халдварт өвчин гэж үзэж байна.
Энэ өвчний халдварлан тархах, өвчлөл, нас баралтанд олон талын хүчин зүйлүүд нөлөөлж байгаа учраас зөвхөн эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхан оношлож эмчилсэнээр асуудлыг бүрэн шийдэх боломжгүй гэдэг нь өнгөрсөн хугацааны туршлагаас харагдсан учир бүх нийтийн анхаарлыг хандуулж, нийтээрээ анхаарах, тэгэхдээ өмнөх үеийнхээсээ шинэчилсэн байдлаар хандахыг уриалсан байна. Тухайлбал: Ядуурлыг яах вэ? Ажлын байрны таагүй нөхцлүүдийг яаж сайжруулах, сүрьеэгээр өвчилсөн ажилтнаа ялгаварлан гадуурхахгүй байх, гэр бүлүүд сүрьеэгээр өвдсөн гишүүнээ яаж дэмжиж асарч сувилах уу? өвчилсөн хүмүүс яаж эмээ тасралтгүй ууж бүрэн эдгэрэх үү? Сүрьеэгийн сэжигтэй хүмүүс яаж эрт үедээ эмнэлэгт хандаж ирэх вэ? гэх мэтийн өөрчилж шинэчлэх шаарлагатай олон асуудал байна. Энэ талаар хүн амд хандсан мэдээлэл сурталчилгааг өргөн явуулахад ХӨСҮТ-ийн удирдлага, мэргэжилтэнүүд, алба тасаг нээлттэй хамтран ажиллаж байна.
2. Орос 3 дугаар сургуулийн сурагчид хоолны хордлогоор өвчилж эмчлэгдэж гараад 1 сар болж байна. Өнгөрсөн 7 хоногт тэдгээр өвчилсөн 120 гаруй сурагчид эрүүлжилтийн байдлаа хянуулах давтан шинжилгээнд хамрагдсан байна. Хүүхдүүдийн шинжилгээ бүгд эрүүл гарсан байна.
3. ХДХВ-ийн халдварын 65 дахь тохиолдол онош батлагдаж мэдээлэгдсэн байна. Энэ удаад орон нутагт, мэс заслын тусламж авахаар эмнэлэгт хандах явцдаа шинжилгээ хийлгэсэн 25-29 насны эмэгтэй халдвартай болох нь тогтоогдсон байна. Голомтын тархварын судалгаа хийгдэж байгаа тухай орон нутгаас мэдээлж байна.
4. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд Хүний халдварт өвчний өнөөгийн байдал, анхаарах асуудлын талаар авч хэлэлцсэн байна. Энэ талаарх мэдээллийг Эрүүл Мэндийн сайд С.Ламбаа танилцуулсан байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Засгийн Газрын шийдвэр гаргаж хэрэгжүүлэхээр тогтсон байна.
5. Энэ 7 хоногт 3 дугаар сарын 26-ны өдөр, 15:00-аас ХӨСҮТ-өөс 2008-2009 онд гадаадад явж суралцсан, олон улсын хурал, семинарт оролцсон эмч мэргэжилтнүүдийн, сүүлийн 2 жилд хийсэн ажлын тайлан өдөрлөг ХӨСҮТ-ийн захиргааны байранд болно. Хэвлэл мэдээллийнхэнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ХӨСҮТ-ийн Сургалт хэвлэл мэдээллийн алба.
|