picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 9-р сарын 26, Лхагва гариг, 13:44

Умайн хүзүүний хавдраас сэргийлэх үр дүнтэй арга нь хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцинд хамрагдах явдал

Вакцин, дархлаажуулалтын тухай ярихын өмнө бид дархлаажуулалтын түүхийг ярих ёстой. Монголчууд анх 1923 онд цагаан цэцгийн эсрэг вакцин хэмээх гайхамшигт бэлдмэлийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хэрэглэж эхэлснээр 1940 онд уг өвчнийг устгасан Азийн анхны орон, дэлхийн 2 дахь орон болжээ. Үүний үр дүнд одоо байгаа нийт хүн амын гуравны нэг нь буюу 900, 000 хүн үхлийн аюулаас аврагдаж, мөн төдий тооны хүн цоохор нүүртэй байж болох байсан тухай манай судлаачид тогтоосон байдаг.

Эрүүл мэндийн салбар хүн амаа 1973 оноос улаанбурханы эсрэг вакцинаар  анх дархлаажуулж, 1989 оноос 2 тунгаар тарих  товлолыг дэлхийд анх нэвтрүүлж, удаа дараа нэмэлт дархлаажуулалтыг амжилттай зохион байгуулснаар өвчлөлийг эрс бууруулж, дэлхий дахин тэр тусмаа өндөр хөгжилтэй Европын холбоо, Ази Номхон Далайн Баруун Эргийн Бүс, хөрш орнуудад дэгдэлт гарсан сүүлийн 3 жилд Монгол улсад улаанбурханы нэг ч тохиолдол бүртгэгдсэнгүй. Энэ өвчнөөр толгой дараалан өвддөг байсан гэдгийг 30-аас дээш насныхан андахгүй ч  залуу үе бараг мартжээ.

1980 оны дунд үеэс хавдрын эсрэг вакцины эрин эхэлсэн. 1991 онд  В вируст гепатитын эсрэг вакциныг анх нэвтрүүлэхэд янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ вакцинаар хүүхэд болгоныг товлолын дагуу тарьсны үр дүн нь жилд ирээдүйд элэгний хавдар, элэгний цирроз өвчний улмаас  ид тэгширсэн 40-өөс дээш насандаа нас барах 800-850 хүнийг үхлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн байгууллагын төсөв, өвчтөний гэр бүлээс гарах хэдэн тэрбум төгрөгийг жил бүр хэмнэдэг. Одоо энэ вакциныг хавдрын эсрэг анхны вакцин гэж дэлхий даяар нэрлэж, аюулгүй, үр дүнтэй гэдэгт хэн ч эргэлзэхгүй болжээ. Зөвхөн хүүхэд багачууд төдийгүй том хүн, халдвар авах эрсдэл бүхий  эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сайн дураараа, сэргийлэх тарилгын ажил үйлчилгээний жагсаалтын дагуу тариулж өөрдсийн эрүүл мэнддээ үнэлж барашгүй үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Ер нь бүх нийтийг хамарсан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүн, үр ашиг нь ихэвчлэн дунд, урт хугацаанд гардаг бөгөөд одоо нэвтрүүлж байгаа арга хэмжээний үр дүн  15-20жилийн дараа хүртэнэ.

В гепатитын эсрэг вакциныг гарган авсан аргаар  өнөөдөр эерэг болон сөрөг мэдээлэл дагуулаад байгаа Гардасил вакциныг гарган авсан. Өрөөр хэлбэл энэ вакцин нь хавдрын эсрэг үйлчилгээтэй 2 дахь вакцин юм. АНУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлэх орон гэдгийг хүн болгон мэддэг бөгөөд энэ улсаас үлгэр дуурайлал авах дуртай байдаг. Тэгвэл энэ улс охид төдийгүй 11-12 насны хөвгүүдийг Гардасил вакцинаар дархлаажуулахыг товлолдоо тусгажээ.

Европын холбооны 33 улсын мэдээллийг агуулдаг баримт бичиг (www.ecdc.europa.eu)-ээс үзэхэд өндөр хөгжилтэй Англи, Австриа, Герман, Франц, зэрэг 19 улс дархлаажуулалтын үндэсний товлолдоо нэвтрүүлсэн байна. Монголын зарим охид өндөр хөгжилтэй орнуудад олддогэнэхүүвакцинаар дархлаажуулагдах боломжийг эх орондоо авсан нь үнэхээр бахархалтай.

Энэ вакцин нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг  хүний хөхөнцөр вирусын халдвараас урьдчилан сэргийлдэг. Умайн хүзүүний хорт хавдрын хор уршгийг 2010оны байдлаарүзвэл 350-400 орчим эмэгтэй шинээр оношлогдсоноос 130 нь нас барсан байна. 2011 онд 100,000 Монгол эмэгтэй тутамд умайн хүзүүний хавдрыншинэ тохиолдол 18, нас баралт 8.4 бүртгэгдэж,нийт хавдрын өвчлөлийн дунд өвчлөл, нас баралтаар 2, 3-р байранд орж өвчлөл нэмэгдсэн байна. Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл, 30-аас дээш насанд илүү тохиолдож байгаа бөгөөд залуужиж байна. .Умайн хүзүүний хавдрын 61 хувь нь хожуу буюу төгс эмчлэх боломжгүй III, IV үе шатандаа оношлогдож байгаа нь харамсалтай бөгөөд эмэгтэйчүүд минь урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх ёстойг харуулж байна.

Уг вирусийн 100 гаруй төрлийн хэвшинж байдгаас 2009 онд манай эмэгтэйчүүдийн дунд хийгдсэн “Умайн хүзүүний хорт хавдар, хүний хөхөнцөр вирусийн хамаарлыг тогтоох”судалгаагаар ХХВ-16 хэвшинж дангаараа 54%, ХХВ-18 хэв шинж 11,5%, ХХВ-33 хэвшинж 11,5%, ХХВ-58 хэвшинж 13%-д илэрч, ХХВ-16,18 хэвшинж хавсарсан байдлаар 62,2%-д нь илэрсэн байна. Мөн ХХВ-ын халдвар нь умайн хүзүүний хавдрын урьдал өвчнөөр өвдөх эрсдэлийг 3.4 дахин, умайн хүзүүний хавдраар өвдөх эрсдэлийг 18 дахин  ихэсгэдэг болохыг манай судлаачид тогтоожээ.

Бусад улс, орнуудад хийсэн судалгаанаас харахадманай улсад хийгдсэн судалгаатай ойролцоо буюу умайн хүзүүний өмөнгийн 70 орчим хувь нь тухайн вирусын 16 ба 18-р хэв шинжээрүүсгэгдсэн байдгийг тогтоосон байна.

Өнөөдөр дэлхий дахинд уг вирусын 16,18 хэв шинжийг агуулдаг CERVARIX, 6,11,16,18 хэв шинжийг агуулдаг Гардасил вакциныг хэрэглэж байгаас Монгол улс дөрвөн цэнт буюу умайн хүзүүний хавдар, бэлгийн үү үүсгэхээс сэргийлдэг Гардасил вакциныг хэрэглэдэг. Уг вакцин нь уураг, хөнгөн цагааны ислийн сулфат, натри хлорид, Л-листидин, полисорбат, натрийн борат, тарилгын уусмал агуулдаг. Вакцины найрлаганд антибиотик, тиомерсал бусад тогтворжуулагчыг хэрэглээгүй. Мөн мөнгөн ус агуулаагүй вакцин болно.

Дэлхийн бүх улс орон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чанарын шаардлагыг хангасан вакциныг өөрийн улс орондоо нэвтрүүлдэг.

ДЭМБ-ын дэргэдэх Вакцины Аюулгүй байдлын Дэлхийн Зөвлөх Хорооноос Гардасил нь чанарын аюулгүйн шаардлагыг хангаж байгаа талаар 2007 ба 2008 онуудад тус тус дүгнэлтээ гаргаж байсан бөгөөд улмаар 2009 онд ДЭМБ-ын чанарын шаардлагыг хангаж, магадлан итгэмжлэгдсэн болно.

Вирусээр халдварлагдаагүй хүмүүст вакцин хамгийн өндөр үр дүнтэй байдаг учир, эхний ээлжинд 11-ээс 14 хүртэлх насны охидыг дархлаажуулах бодлого баримталсан. Хэдийгээр энэ вакцин бусад улс орны товлолд нэвтрээд 5-6 жил болсон ч гэсэн ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн математик аргачлалаар тогтоосноор 3 хүн тун буюу бүрэн тунгаа тариулсан тохиолдолд 10 буюу түүнээс дээш жил хамгаалах чадвартай гэж үздэг(http://www.who.int/immunization/documents/positionpapers/en/). Магадгүй энэ нь зарим хүнд цөөхөн  жил мэт санагдавч тухайн үедээ давтан дархлаажуулалт хийлгэж болно.

Энэ вакцин нь хандиваар цөөн тоотой ирсэн учраас умайн хүзүүний хавдрын өвчлөл өндөртэй 2 аймаг, 2 дүүргийн 10,538 гаруй охидыг вакцинжуулсны дараа ямар нэг хүндрэл, ноцтой хүндрэл илрээгүй. Вакцин хийлгэсэн 66 охидод бусад вакцинжуулалтын дараа илэрдэг хөнгөн хэлбэрийн урвал болох бага зэрэг халуурах, хэсэг газар хөндүүрлэх, улайх, дотор муухайрах шинж тэмдэг  илэрсэн байна.

 Монголын охид, бүсгүйчүүд цаашид зарим зорилтот бүлгийн хүн ам маань аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдсан энэ вакцинд хамрагдаж, манай улсад умайн хүзүүний хорт хавдарын өвчлөл эрс буурна гэдэгт бид итгэж байна.

ХХВ-ийн эсрэг дархлаажуулалтын талаарх хүн амд хандсан бодит үнэн зөв мэдээллийг хүргэх зорилгоор Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөл болон Халдварт өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг нэгтгэсэн болно.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Халдвар судлалын мэргэжлийн салбар зөвлөл,

ХӨСҮТ, ХСҮТ

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он