Коронавируст халдвар (COVID-19) –ын зөвлөмж: Галт тэрэг, автобус, хот хооронд зорчигч тээвэрлэх зарчим

Зөвлөмжийн зорилго нь Коронавируст (COVID-19) халдварын голомтот бүс нутгаас ирсэн зорчигчдыг галт тэрэг, автобусаар тээвэрлэх үед зорчигчид, жолооч, галт тэрэгний ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, тархвар судлаачдыг халдварт өртөхөөс сэргийлнэ.

НЭГ. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД:

  • Ажилтнуудыг 3 ээлжийн хамгаалах хувцас хэрэгслийн иж бүрдэл, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч, биеийн халуун хэмжигч, халдваргүйжүүлэх уусмал, автомакс, хог хаягдлын шар уут, цэвэрлэгээний хэрэгсэл зэргээр хангах

  • Яаралтай тусламжийн эм тариа, эмнэлгийн хэрэгслийг багц бэлтгэх

  • Зорчигчдын амны хаалтыг 2 цаг тутамд солих нөөцтэй байх

  • Зорчигчдын биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн амны хаалтыг сольж зүүлгэн суулгах

  • Зорчигчдыг бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүн хооронд 1-1,5 метрийн зайтай суулгана. Хүндэтгэх шалтгаантай зорчигчдыг эхэлж суулгах

  • Зорчигчдын гадаад паспортыг битүүмжлэх уут бэлтгэх

  • Галт тэрэгний купе, коридорт 2 цаг тутамд цэвэрлэгээ хийж, халдваргүйжүүлэн цонх нээж агаар сэлгэх

  • Галт тэрэг, автобус, нийтийн тээврийн хэрэгсэлд санамж, анхааруулга байршуулах

  • Ариун цэврийн өрөөнд саван, цаас, гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис, хогийн савыг байрлуулах

  • Ариун цэврийн өрөөг тогтмол халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэх.

ХОЁР. ЗОРЧИГЧДОД:

  • Эрүүл мэндийн хуудсыг асуумжийн дагуу үнэн зөв бөглөх

  • Купе, вагон хэсэхгүй, тасалбарт заасан суудалд суух

  • Хоорондоо ярихгүй, хоол унд хувааж идэхгүй байх

  • Амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах

  • Тээврийн хэрэгслээс эмчийн заасан дарааллаар цуварч буух

  • Гар тээшээ халдваргүйжүүлэлтэд өгөх

  • Хог хаягдлыг шар уутанд хийж амыг нь боон мэргэжлийн хяналтын байцаагч нарын хяналтад устгах

ГУРАВ. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ, ТАРХВАР СУДЛААЧИД:

  • Зорчигчдоос асуумж авч, эрэмбэлэн ангилах

  • Зорчигчдын биеийн халууныг 4 цаг тутамд хэмжиж, тэмдэглэл хөтлөх

  • Хэрэв зорчигчийн биеийн халуун 37.1 хэмээс дээш тохиолдолд 3 удаа хэмжиж, халуунтай байвал бусдаас тусгаарлах

  • Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлыг бусдаас тусгаарлаж суулгах

  • Сэжигтэй тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн 100, 80086829 дугаарын утсанд яаралтай мэдээлэх

  • Мэргэжлийн хяналтын байцаагч, тархвар судлаач нь ажилтнуудад хамгаалах хэрэгслийг өмсөх, тайлах, халдвараас сэргийлэх зөвлөмж өгч, хяналт тавих

ДӨРӨВ. БУСАД

  • Тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээш, паспорт болон бусад бичиг баримтыг зохих журмын дагуу халдваргүйжүүлэх

  • ХӨСҮТ-ийн баг тандалт, судалгаа хийж зорчигчдыг хуваарилах

  • Холбогдох ажилтнууд хамгаалах хувцас хэрэгслийг зааврын дагуу тархвар судлаач эмчийн хяналтан дор тайлах

  • Хамгаалах хувцас хэрэгслийг зохих журмын дагуу устгах

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

 


Онлайн сургалт