Заг хүйтэн

Заг хүйтэн өвчин нь Нейссерийн гонококк (Neisseria gonorrhoeae)-оор үүсгэгдэж, шээс бэлэг эрхтний салст бүрхэвчийг гэмтээдэг бэлгийн замаар дамжих халдвар юм.

Заг хүйтэн өвчин яаж халдварладаг вэ?

Заг хүйтэн өвчтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох (амаар, үтрээгээр, шулуун гэдсээр)

Заг хүйтэн өвчний халдвартай жирэмсэн эмэгтэйгээс ураг төрөх үед  халдвар авна (нярайн нүдний салстын үрэвсэл)

12

Заг хүйтэн өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Нууц хугацаа дунджаар 2-5 хоног үргэлжилнэ. Заг хүйтэн өвчний үүсгэгч гонококк нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд шээсний суваг, эмэгтэйчүүдэд умайн хүзүү, шээсний суваг, бага насны охидод  бэлгийн уруул, үтрээний салстыг үрэвсүүлнэ.

Эрэгтэйд илрэх шинж тэмдэг. Голчлон  шээсний сувгийн үрэвслээр илэрнэ.

  • Шээсний сүв орчим бага зэрэг загатнаж, ирвэгнэнэ
  • Шээхэд хорсоно, өвдөнө
  • Шээсний сувгаас өтгөн ногоон идээт ялгадас гарна
  • Шээсний сувгийн амсар улайж, хавагнана
  • Бэлгийн харьцааны үед өвдөнө
  • Шээс ойр ойрхон хүрнэ

Эмэгтэйд умайн хүзүүний үрэвслээр илрэх ба зовиур багатай, балархай хэлбэрээр (75%) элбэг тохиолдоно.

  • Бэлэг эрхтэн орчим эвгүй оргиж, загатнана
  • Умайн хүзүүний сувгаас өтгөн ногоон, идээт ялгадас гарна
  • Умайн хүзүүний салст улайж хавагнана
  • Хэвлийн доод хэсгээр өвдөх зовиур илэрч болно

Заг хүйтэн өвчний хүндрэл үүсэхэд ямар шалтгаанууд нөлөөлөх вэ?

  • Эмчилгээг үр дүнгүй хийх
  • Эмчилгээ таслах
  • Өөрөө буруу, дутуу эмчлэх
  • Эмчилгээний үед дэглэм алдагдах (Архи, спиртийн төрлийн ундаа хэрэглэх, бэлгийн хавьталд орох)
  • Бэлгийн замаар дамжих бусад халдвартай хавсрах

Заг хүйтэн өвчний үед ямар хүндрэлүүд үүсэх вэ?

Эрэгтэйд: 

  • Түрүү булчирхай, төмсөгний дайвар, үрийн цулцангийн үрэвсэл
  • Үргүйдэл

Эмэгтэйд

  • Аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл
  • Хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт
  • Умайн гадуурх жирэмслэлт
  • Үргүйдэл

Заг хүйтэн өвчин эмчлэгддэг үү?     

Мэргэжлийн эмчид хандаж бэлгийн хамтрагчийн хамт оношлогоо, эмчилгээ  хийлгэвэл бүрэн эдгэрдэг.


Онлайн сургалт

Санал гомдол