НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2023 оны “Сүрьеэтэй тэмцэх дээд түвшний уулзалт боллоо

2024-6-25
2196

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2023 оны “Сүрьеэтэй тэмцэх дээд түвшний уулзалтын улс төрийн тунхаглал”-ын дагуу амлалтаа биелүүлэх “Европ, Төв Азийн бүсийн хэлэлцүүлэг” 2024 оны 6-р сарын 24-25 өдрүүдэд Узбекстан улсын Ташкент хотноо боллоо 🇺🇿🤝
🌍 Тус бүсийн хэлэлцүүлгийг Узбекстан улсын эрүүл мэндийн яам, Стоп-ТВ партнершип, ДЭМБ-ын Европын бүс, USAID олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж, сүрьеэ өвчний дарамт өндөр Армени, Азербайжан, Жиоржиа, Казакстан, Киргизистан, Польш, Молдав, Румин, Тажикстан, Туркменистан, Украйн, Узбекстан, Монгол зэрэг 13 орны Засгийн газар, Эрүүл мэндийн яам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцлоо🤝
🇲🇳 Манай улсаас ЭМЯ-ны Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны ерөнхийлөгч Н.Наранбат, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Г.Гантунгалаг, тус албаны Тандалт судалгааны тасгийн эрхлэгч Д.Ганцэцэг нар оролцож, Монгол Улсын “Сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр”-ийн зорилтууд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ололт амжилт болон тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлж, хэсгийн хэлэлцүүлэг бүрт санал, туршлагаа солилцож оролцлоо.


НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2023 оны “Сүрьеэтэй тэмцэх дээд түвшний уулзалтын улс төрийн тунхаглал”-д сүрьеэ өвчин нь дэлхий нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бөгөөд таслан зогсоох амбицтай зорилтод хүрэхийн тулд улс орон бүр улс төрийн үүрэг амлалтыг бий болгож, нөөц баялгийн зохистой хуваарилалт хийх, ахиц дэвшлийг хянах хүчирхэг механизм бүхий цогц төлөвлөгөө боловсруулах нэн шаардлагатай болохыг онцолсон.
Энэхүү бүсийн хэлэлцүүлэгийн үеэр сүрьеэгийн эсрэг үндэсний болон бүс нутгийн хариу арга хэмжээг цаашид бэхжүүлэх, улмаар 2030 он гэхэд сүрьеэгийн тархалтыг зогсоох нийтлэг зорилгод хүрэх стратеги боловсруулахад оролцогч талуудыг нэгтгэж дараах чиглэлээр яриа хэлэлцүүлгийг өрнүүлж, амжилттай болж өндөрлөлөө.
1. “Сүрьеэтэй тэмцэх дээд түвшний уулзалтын улс төрийн тунхаглал”-ын зорилт, амлалтууд болон улс орны зорилтуудыг хэлэлцэх
2. Зорилт, амлалтдаа хүрэхийн тулд улс орнууд үйл ажиллагаа, нөөцийг дайчлах ажлыг хэрхэн эрэмбэлэх талаар шилдэг туршлагыг хуваалцах
3. Сүрьеэгийн эсрэг хариу арга хэмжээний талаар улс төрийн манлайлал, оролцогч талуудын мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг төлөвлөх
4. Сүрьеэгийн эсрэг тэмцэхэд шаардагдах санхүүжилтийг дотоодын төсөв болон гадаад санхүүжилтийн эх үүсвэрээс нэмэгдүүлэх стратеги боловсруулах
5. Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, илрүүлэлт, оношилгоо, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, инновацийг өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Европ болон Төв Азийн бүсийн хэлэлцүүлгээс олж авсан туршлагын хүрээнд 2023 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Сүрьеэтэй тэмцэх дээд түвшний уулзалтын улс төрийн тунхаглал”-ын амлалтын биелэлтэд анхаарч, УИХ-д эрүүл мэндийн салбараас сонгогдсон гишүүдэд улс төрийн тунхагийг танилцуулах, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана.
@The Political Declaration of the UN High-Level Meeting on the fight against tuberculosis
#EndTBStrategy
#StopTBPartnership
#UNOPS






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.