Сүрьеэ гэдэг ямар өвчин болох, сүрьеэгийн халдвар авсан хүн өвчлөх шалтгаан, голчлон гэмтдэг эрхтэн нь уушиг, өвчилсөн үед ямар шинж тэмдэг гардаг тухай эхний ярилцлагуудаас та ойлгож авсан байх. Тэгвэл одоо сүрьеэ өвчнийг шинжлэх хямд, найдвартай аргын тухай ярилцъя. Ханиалгаж байгаа хүний цэрэнд сүрьеэгийн нян хайх шинжилгээ нь уушигны сүрьеэг найдвартай оношлох хямд шинжилгээ юм. Уг шинжилгээг хийхийн тулд 24 цагийн дотор өвчтөний цэрийг 2 удаа тусгай саванд авна. Шинжилгээ өгөхийн өмнө амаа буцалсан усаар зайлан цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргах хэрэгтэй. Хэрэв цэрэнд сүрьеэгийн нян илэрвэл эмч нар “түрхэц эерэг” байна гэж хэлдэг ба энэ нь та сүрьеэгээр өвчилсөн төдийгүй халдвар тарааж байгааг хэлж байгаа юм. Цэрний шинжилгээг оношлогоонд хэрэглэхээс гадна эмчилгээний үр дүнг хянах зорилгоор эмчилгээний тодорхой саруудад хийдэг.
Мөн өсгөвөрлөх шинжилгээ, гэрлийн шинжилгээ, хүүхдэд туберкулины сорилын шинжилгээг оношлогоонд хэрэглэдэг.
Сүрьеэ өвчний шинж тэмдэг
Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж эхлэнэ. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ. Уушигны сүрьеэгийн үед:
• Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түнээс дээш) ханиалгах
• Цээжээр өвдөх
• Цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдэгүүд илэрч болно.
• Бие суларч ядрах
• Жин буурах
• Хоолонд дургүй болох
• Халуурах
• Шөнө хөлрөх
Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалагийн шингэнээр дамжин бусад эрхтэнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэг уушигны бус эрхтэний сүрьеэ гэдэг ба өвчилсөн хүмүүс нь бусад хүмүүст халдвар тараах аюулгүй. Танд дээрх зовиур мэдэгдвэл эмчид хурдан үзүүлэхээс гадна таны гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотныхонд ийм шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт очихыг зөвлөөрөй.