Хүний папиллома вирусээр үүсгэгддэг өвчнүүд

2024-11-25
6

Одоогоор ХПВ-ийн 200 гаруй хэвшинжийг тогтоосон бөгөөд уг вирус нь ам, залгиур, хоолой, толгой, хүзүү, үтрээ, бэлгийн уруул, үү ургацаг, хошногоны амсар, шодой, шулуун гэдэсний зэрэг хортой болон хоргүй хавдрыг эрэгтэй, эмэгтэй хүмүүст үүсгэдэг. Мөн умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) үүсгэх өндөр эрсдэлтэй 10 гаруй хэвшинжийг (16, 18, 31, 33, 35, 39, 45, 50, 51, 53, 55, 56, 58, 59, 64, 68) тодорхойлсон бөгөөд эдгээрээс умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 70 гаруй хувь нь 16, 18 хэвшинжээр үүсгэгддэг байна. Эрсдэл багатай хэв шинж болох 6, 11 нь эрэгтэй, эмэгтэй хүйсэнд бэлгийн үү, ургацаг үүсгэнэ. Эрэгтэй хүнд 16 хэвшинжээр үүсгэгдсэн халдвар хошногны хавдар үүсгэж болно.

ХПВ-ийн халдвар гол төлөв бэлгийн зам (аман болон аман бус хавьтал)-аар, зарим тохиолдолд төрөх замаар, арьс салстаар дамжин халдварладаг. Бэлгийн анхны хавьтлаар халдвар авах эрсдэл маш өндөр байдаг. Халдвар авсан ихэнх тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд халдварын 10 хувь нь дээр дурдсан хорт хавдрыг үүсгэдэг.

Иймээс улс орон бүр ХПВ-ийн шалтгаант хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдийг вакцинжуулах, эрт илрүүлгээр илрүүлэх гэсэн үндсэн хоёр аргыг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Хорт хавдрын өвчлөл, нас баралт

Олон улсын хавдрын судалгааны агентлаг (IARC)-ын мэдээлснээр Монгол улс хорт хавдрын өвчлөлийн түвшингээр дэлхийн 185 орноос 45 дугаарт эрэмбэлэгдэж байна. Монгол улсад хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшин 100,000 хүн амд 181.5 тохиолдол (эрэгтэйчүүдэд 227.5, эмэгтэйчүүдэд 145.5) ногдож байгаа нь дэлхийн 185 орноос 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна (Зураг 1).

Зураг 1. Хорт хавдрын нас баралтын түвшин, харьцуулалт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл

Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшингээр дэлхийн 185 орноос 53-т эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 3 дахин, Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр, умайн хүзүүний хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр 185 орноос 69-т эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна (Зураг 2).

Зураг 2. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшин

Дэлхийн хавдрын өвчлөл, эндэгдэл.https://gco.iarc.fr/en

Манай улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 2 дугаарт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлын 4 дүгээрт, нас баралтын 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. 2023 онд умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 100,000 эмэгтэйд Булган аймаг 63.5 тохиолдол, Дархан-Уул аймаг 56.5 тохиолдол, Говьсүмбэр аймаг 55.1 тохиолдол бүртгэгдсэн нь бусад аймагтай харьцуулахад өвчлөл өндөр байна. Харин Ховд, Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Дундговь, Увс, Завхан, Баян-Өлгий аймгуудад улсын дунджаас бага тохиолдол бүртгэгдсэн байна (Зураг 3).

Зураг 3. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин, 100,000 эмэгтэй хүн амд, аймаг бүсээр

 






Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.