ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг дэлхийн 150 гаруй орон вакцинжуулалтын үндэсний хөтөлбөртөө нэвтрүүлж, нийт нэвтрүүлсэн улс орны 52 хувь нь буюу 75 улс орон эрэгтэй, эмэгтэй хүүхдийг дархлаажуулж, 76 улс дархлаажуулалтыг сургуульд суурилсан стратегийг баримтлан зохион байгуулж байна.
Бусад Улс орнуудын Хүний папилома вирусийн халдврын эсрэг вакцин нэвтрүүлсэн байдал, дархлаажуулалтын стратеги https://www.who.int/teams/immunization-vaccines-and-biologicals/diseases/human-papillomavirus-vaccines-(HPV)/hpv-clearing-house/hpv-dashboard
“ДЭМБ-ын НДББ-ийн ТХӨ болон дархлаажуулалтын стратеги 2021-2030”-д 2030 он гэхэд дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:
- Анхдагч урьдчилан сэргийлэлт: 15 нас хүрсэн охидын 90%-ийг ХПВ-ийн халдварын эсрэг вакцинд бүрэн хамруулсан байна,
- Хоёрдогч урьдчилан сэргийлэлт: 35 ба 45 настай эмэгтэйчүүдийн 70%-д ХПВ-ийн өндөр эрсдэлт хэв шинжүүдийн халдварыг тодорхойлох (Эрт илрүүлэг),
- Гуравдагч урьдчилан сэргийлэлт: УХХХ-аар оношлогдсон хүмүүсийн 90%-ийг эмчилгээнд хамруулах /мэс засал, туяа эмчилгээ, химийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ/
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд нэн шаардлагатай вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны А/360 дугаар тушаалаар баталсан “Хавдрын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө”, 2022 оны А/528 дугаар тушаалаар баталсан “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022- 2025 оны төлөвлөгөө” нд ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг товлолын дархлаажуулалтад нэвтрүүлж уг вирусийн халдварын шалтгаант хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах зорилтыг дэвшүүлсэн.
Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт, өвчний дарамт, судалгаа, нотолгоонд үндэслэн Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1-д Заавал хийх дархлаажуулалтад хүний папиллома вирусийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмэх тухай нэмэлт өөрчлөлт орж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолын дагуу “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д 11 настай хүүхдэд (эрэгтэй, эмэгтэй) 1 тунгаар хийхээр тус тус батлагдсан.
2024 оны байдлаар ДЭМБ-ын шаардлага хангаж, хэрэглэх зөвшөөрөл бүхий ХПВ-ийн халдварын эсрэг 3 төрлийн вакциныг хэрэглэж байна. Үүнд:
- Хоёр цэнт вакцин (зөвхөн хавдар үүсгэдэг 16 ба 18 хэвшинжийн эсрэг)
- Дөрвөн цэнт вакцин (бэлгийн үү ба кандиломын 90%-ийг үүсгэдэг 6 ба 11, мөн хавдар үүсгэдэг 16 ба 18 хэвшинжийн эсрэг)
- Есөн цэнт вакцин (6, 11, 16, 18, 31, 33, 45, 52, 58 хэв шинжийн эсрэг)
ДЭМБ, үйлдвэрлэгчийн зааварт вакциныг 9 наснаас дээш насанд, ХПВ-ийн халдварт өртөхөөс нь өмнө дархлаажуулалтад хамруулахыг зөвлөдөг.
ХПВ-ийн халдварын эсрэг вакцин 2009 онд тусгай зөвшөөрөл авсан. Одоогоор 6 вакцинд тусгай зөвшөөрөл олгоод байна. Бүх вакциныг рекомбинант ДНХ болон эс өсгөвөрлөх технологийг ашиглан, вирус төст бичил хэсэг (VLPs) гэж нэрлэгддэг ХПВ-ийн өвөрмөц төрлийн хоосон бүрхүүл үүсгэхийн тулд цэвэршүүлсэн L1 бүтцийн уургаас бэлтгэдэг. ХПВ-ийн вакцин нь биологийн амьд бүтээгдэхүүн, вирусийн ДНХ агуулаагүй тул халдваргүй байдаг. ХПВ-ийн вакцинууд нь янз бүрийн экспрессийн системийг ашигладаг, туслах бодис агуулдаг бөгөөд антибиотик болон хадгалалтын бодис агуулдаггүй. Human papillomavirus vaccines: WHO position paper, December 2022
Вакцины найрлага: Гардасил (GARDASIL) вакцин нь хүний папиллома вирусийн эсрэг дөрвөн цэнт рекомбинант вакцин.
Үндсэн найрлага:
HPV 6 хэв шинжийн L1 уураг -20мкг,
HPV 11 хэв шинжийн L1 уураг -40мкг
HPV 16 хэв шинжийн L1 уураг -40мкг
HPV 18 хэв шинжийн L1 уураг -20мкг
Нэмэлт бодисууд:
Хөнгөн цагаан -225 микрограмм,
Натрийн хлорид - 9.56 мг,
L-гистидин - 0.78 мг,
Полисорбат-80 - 50мкг,
Натрийн борат - 35 мкг
Тарилгын ус
Антибиотик болон нөөшлөгч бодис агуулаагүй.
Хөнгөн цагаан: Дархлал тогтоцыг нэмэгдүүлэх, илүү тогтвортой хариу урвал үүсгэх зорилготой.
L-гистидин: дархлааг зохицуулагч ба антиоксидант үйлчилгээтэй. Дархлааны супрессор Т эсийн Н2 рецептортыг идэвхижүүлэх үйлчилгээтэй.
Полисорбит 80: вакцины найрлагад агуулагдах бусад бодисуудыг бэхжүүлэх үйлчилгээтэй
Натрийн борат: нянд тэсвэртэй болон идээт үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй.
Дархлаажуулалтын товлол:
1 тунгаар товлолын дагуу 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдийг дархлаажуулна.
Эсрэг заалт:
Вакцины найрлагад орсон бодист харшилтай эсвэл өмнө ямар нэгэн вакцины дараа урвал хүндрэл өгсөн зэрэг хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
Хариу урвал:
Вакцин хийлгэсний дараа халуурах, бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, толгой өвдөх зэрэг ерөнхий биеийн урвал болон тарилга хийлгэсэн ором дээр хөндүүрлэх, хавдах, улайх, загатнах, хөхрөх зэрэг хэсэг газрын урвалын шинжүүд илэрч болно. Маш ховор тохиолдолд анафилакс илэрч болно.
Вакцины аюулгүй байдал
2009 онд зөвшөөрөл авснаас хойш 500 сая гаруй тун ХПВ вакциныг тараасан байна. АНУ-ын Хүнс, эмийн байгууллага, Европын эмийн агентлаг зэрэг олон орны үндэсний зохицуулах агентлагаас зөвшөөрөлтэй бөгөөд аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон. ДЭМБ-ийн чанарын баталгаажилтийг 2009 онд авсан
https://extranet.who.int/prequal/vaccines/p/gardasiltm, European Medicines Agency (EMA)
Үйлдвэрлэгч:
АНУ-ын Мэрк (Merck Sharp& Dohme Corp., Merck & Co., Inc,) үйлдвэрт үйлдвэрлэгдсэн.