“ХҮҮХДИЙН СҮРЬЕЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-4-17
4
“Хүүхдийн сүрьеэгийн менежментийг сайжруулах нь” сэдэвт олон улсын сургалтыг 2025 оны 4-р сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
✅Тус сургалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН), Сунчон хотын Эрүүл мэндийн төв, Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллага, СҮСН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгууллаа.
✅Сургалтад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиник, Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторийн эмч, мэргэжилтнүүд болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-уул, Багануур, Налайх дүүргийн сүрьеэгийн диспансерын эмч, мэргэжилтнүүд зэрэг 30 гаруй эмч хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдлээ.
✅Тус сургалтыг БНСУ-ын “Масан” сүрьеэгийн эмнэлэг болон “Макпо” сүрьеэгийн эмнэлгийн эмч, захирал болон Сунчон хотын Эрүүл мэндийн төвийн захирлаар ажиллаж байсан сүрьеэгийн эмч, мөн цээжний болон зүрх судасны мэс заслын эмчийн арвин туршлагатай Ким Дэ Еон багш удирдан явууллаа.
✅Сургалтад сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний шинэ горим, сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээ, хавьтлын хяналтын талаар ДЭМБ-ын зөвлөмж болон олон улсын чиг хандлагын талаар лекц уншлаа.
✅БНСУ-ын Сүрьеэгийн хөтөлбөрийн арвин туршлагаас хуваалцлаа. Тухайлбал тус улс нь “Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн тухай” хууль ( Infectious Disease Control and Prevention Act. )-тай үүний зэрэгцээ “Сүрьеэгээс сэргийлэх хууль” (Tuberculosis Prevention Act)-тай бөгөөд эрхзүйн бодлого зохицуулалт сайн хийгджээ. Энэ хуулийн дагуу сүрьеэгийн тусгаарлалт, эмчилгээ, оношилгооноос татгалзах, эмчилгээ таслах зэргээр эрүүл мэндийн байгууллагад хүндрэл учруулах, нийгэмд халдвар тараах эрсдэл үүсгэж байгаа этгээдэд нэлээд хатуу хариуцлага тооцдог юм байна.
✅Мөн БНСУ-ын сүрьеэгийн төрөлжсөн эмнэлгүүдийн санхүүжилт нь улсын төсвөөс бүрэн санхүүждэг зэрэг өөрийн оронд хэрэгжүүлж буй олон туршлагаас хуваалцлаа.
✅Энэхүү сургалтын явцад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Анхбаяр болон удирдлагуудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
✅Энэ оны 6-р сард багтаан Улаанбаатар хотын 8 дүүрэгт энэхүү сургалтыг сургагч багш нар зохион байгуулах болно.
 





Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.