Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цартахлын үеийн тусламж үйлчилгээг хүний эрхийн хандлагад нийцүүлэн үзүүлэх нь” сэдэвт сургалтыг 5-р сарын 08-09-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, салбар амбулатори, Өрхийн эрүүл мэндийн төвийн менежер, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, халдвартын эмч, тархвар судлаач, мэс заслын эмч, ДОХ/БЗДХ-ын эмч, өрхийн эмч, сувилагч зэрэг 40 гаруй хүн хамрагдлаа.

Энэхүү сургалтаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цартахал болон тахал дэгдэлтийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүний эрхийн хандлагад хэрхэн нийцүүлэх талаар мэдээлэл өгч ярилцлаа.

Улаанбурхан, менингококкт халдвар, хоолны хордлогын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ болон томуугийн тархварзүйн нөхцөл байдал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, анхаарах асуудал, ойрын хугацаанд бэлэн байдлыг хэрхэн хангах талаар тодорхой зөвлөмж өгсөн байна.

Тус сургалтад оролцогчид “КОВИД-19-ын цартахалын үед хүний эрх хөндөгдсөн асуудал, түүнийг хэрхэн даван туулсан”, “КОВИД-19-ын цартахалын үед Эрүүл мэндийн ажилтнуудад тохиолдсон хүний эрхийн болон хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн асуудал” болон “Дархлаажуулалт ба хүний эрхийн асуудал, бэрхшээл” гэсэн сэдвээр бүлгээр ажиллаж, хэлэлцүүлэг хийлээ.