Төсөл
“СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ”
Олон улсын эрдэм шинжилгээний наймдугаар хурал
2025 оны 9-р сарын 16-17, Сөүл хот, БНСУ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл болон ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн нэгж, МСТХ-ны төлөөлөл “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний наймдугаар хуралд БНСУ-ын Сөүл хотноо 2025 оны 9-р сарын 16-17-ны өдрүүдэд оролцлоо.
Хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон бүс нутгийн 10 улсын парламентийн гишүүд, эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтэн, иргэний нийгмийн 200 орчим төлөөлөл оролцож, НҮБ-ын “Сүрьеэг устгах” улс төрийн тунхаг, ДЭМБ-ын “Сүрьеэг устгах” стратегийг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд үг хэлэхийн зэрэгцээ, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэлийн хамт, сүрьеэгийн дарамт өндөртэй Азийн орнуудын “Сүрьеэгийн эсрэг санхүүжилтийг нэмэгдүүлэх, дунд хугацааны бүс нутгийн хамтын ажиллагааны боломж” сэдэвт парламентийн гишүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгоход сүрьеэгийн хөтөлбөрийн шилдэг туршлага болон сүүлийн үеийн чиг хандлага” салбар хуралдааныг удирдаж, нэгдсэн хурлын хаалтыг хийсэн. Мөн БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг (KDCA)-ийн комиссар Лим Сынг-гван болон бусад төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Мiracle” төсөл, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийсэн.
Түүнчлэн, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн нэгжийн ахлах мэргэжилтэн С.Ганзаяа “Монгол Улсад Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй сүрьеэгийн төслийн үр нөлөө” сэдвээр, ХӨСҮТ-ийн СТСА-ны дарга Г.Гантунгалаг “Эрсдэлт бүлгийн хүн амын дунд сүрьеэгийн системтэй илрүүлэлт хийж байгаа туршлага” сэдвээр, Монголын Сүрьеэтэй Тэмцэх Холбооны олон нийт, нөлөөллийн ажлын зохицуулагч М.Ганзориг “Монгол Улс дахь олон нийтийн оролцоотой үйл ажиллагаа, олон нийт удирдсан хяналтын туршлага” сэдвээр, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лабораторийн эрхлэгч Б.Цэцэцгтуяа “Монгол Улсын хот суурин газрын 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн дунд уушгины сүрьеэгийн тархалт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, туршлага хуваалцсан.
2026 онд “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний есдүгээр хурлыг Монгол Улсад зохион байгуулах боллоо.