ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2026-10-2
1

ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Халдварт өвчний тандалт, лабораторийн оношилгооны шуурхай байдлыг сайжруулах зорилгоор 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилтын нислэгийг амжилттай зохион байгууллаа.

Уг туршилтыг ХӨСҮТ, Монголиан Смарт Дрон Деливери ХХК, Насан Урт болон Шэжиддүг Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын хяналтан доор зохион байгуулж, Баянзүрх дүүргийн Насан Урт, Чингэлтэй дүүргийн Шэжиддүг Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс томуугийн тандалтын сорьцыг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид дроноор тээвэрлэв.

Дроноор сорьц тээвэрлэх нь Улаанбаатар хотын замын түгжрэлээс үл хамааран сорьцыг шуурхай, аюулгүй хүргэх, улмаар лабораторийн шинжилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Мөн энэхүү технологийг нэвтрүүлснээр сорьц тээвэрлэлтийн хугацааг богиносгох, тээвэрлэлтийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, хүний нөөц болон шатахууны зардлыг хэмнэх, халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний шуурхай байдлыг сайжруулах боломж бүрдэх юм.

Ийнхүү эрүүл мэндийн салбарын сорьц тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хийсэн анхны туршилтын нислэг амжилттай хэрэгжлээ.

Цаашид туршилтын үр дүнг үндэслэн дроноор сорьц тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын сорьц тээвэрлэлтэд, цаашлаад шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудын сорьц тээвэрлэлтийн үйлчилгээнд үе шаттай нэвтрүүлэх боломжийг судлан ажиллах нь чухал юм.






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.