Түгээмэл асуултууд

  1. Хүний папиллома вирус (ХПВ) гэж юу вэ?

ХПВ-ийн 200 гаруй хэвшинжийг тогтоосон байна. ХПВ нь ам, залгиур, хоолой, толгой, хүзүү, үтрээ, бэлгийн уруул, үү ургацаг, хошногоны амсар, шодой, шулуун гэдэсний зэрэг хортой болон хоргүй хавдрыг эрэгтэй, эмэгтэй хүмүүст үүсгэдэг. Мөн умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй 10 гаруй (16, 18, 31, 33, 35, 39, 45, 50, 51, 53, 55, 56, 58, 59, 64, 68) хэв шинжийг тодорхойлсон бөгөөд эдгээрээс умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 70 гаруй хувь нь 16, 18 хэвшинжээр үүсгэгддэг байна.

  1. ХПВ яаж халдварладаг вэ?

ХПВ вирус эрэгтэй, эмэгтэй хүмүүст ихэнх тохиолдолд бэлгийн зам (аман болон аман бус хавьтал)-аар халдварладаг боловч, зарим тохиолдолд төрөх замаар, арьс салстаар халдварлах боломжтой юм. Бэлгийн анхны хавьтлаар халдвар авах эрсдэл өндөр, халдвар авсан ихэнх тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй.

  1. Хорт хавдрын өвчлөл, нас баралт /харьцуулалт/:
  • Монгол Улс 2022 онд хорт хавдрын өвчлөлийн түвшингээр дэлхийн 185 орноос 45 дугаарт
  • Хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшин 100,000 хүн амд 181.5 тохиолдол ногдож 185 орноос 1 дүгээрт байна.
  • УХХХ-ийн түвшингээр дэлхийн 185 орноос 53-рт, дэлхийн дунджаас 3 дахин, Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.
  • УХХХ-ийн шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийн дунджаас 1.3 дахин, азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна
  1. Монгол Улсад УХХХ-ын өвчлөл, нас баралт:
  • Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 2 дугаарт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлын 4 дүгээрт, нас баралтын 5 дугаарт орж байна.
  • 2023 онд умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь өдөрт нэг эмэгтэй энэ өвчинд өртөж байгааг харуулж байна.
  • Жилд дунджаар 160 нь эмэгтэй энэ хавдраар нас барж, төдий тооны гэр бүл өнчирч байна.
  1. ХПВ-ийн халдвар авснаас хойш ямар хугацаанд хорт хавдар үүсэх вэ?
  • Халдвар авсан ихэнх хүмүүст шинж тэмдэг илрэхгүй. Хэрэв хорт хавдар үүсгэдэг ХПВ-ийн 16, 18 болон бусад хавдар үүсгэгч хэвшинжийн халдвар авч удаан хугацаанд үргэлжилбэл хавдрын өмнөх эмгэгүүд (эмэгтэйчүүдэд умайн хүзүүний улайлт, шархлаа) үүсч, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд умайн хүзүүний хорт хавдар төдийгүй шулуун гэдэс, бэлэг эрхтэн, үтрээ, амны хөндий, залгиур, мөгөөрсөн хоолойн хорт хавдар болно.
  • Халдвар авснаас хойш умайн хүзүүний хорт хавдрын урьдал үе үүсэх хугацаа 5-10 жил, хавдар үүсэх хугацаа дунджаар 15-20 жил байдаг.
  1. Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь умайн хүзүүний хэвийн бус эсүүд маш хурдан өсч цаг хугацаа өнгөрөх тусам хорт хавдрын эсүүд болж үржин цаашлаад биеийн бусад хэсэгт тархахыг хэлэх бөгөөд уг хорт хавдрыг эрт оношилвол эмчлэх боломжтой. Харин эрт илрүүлж, эмчилгээ хийгээгүй тохиолдолд үхэлд хүргэнэ. Жил бүр дэлхий даяар 266,000 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас бардаг ба тэдний 85-аас дээш хувь нь хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүд байна.

  1. Эмэгтэй хүн умайн хүзүүний хорт хавдартай эсэхийг гаднаас нь хараад мэдэх боломжтой юу?

Үгүй. Тиймээс умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэхийн тулд эрт илрүүлэг, эсийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

  1. ХПВ-ийн шалтгаант хорт хавдраас сэргийлэх арга:
  • Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд 3 жил тутам 30 наснаас эхлэн орох /эсийн шинжилгээгээр вирус илрүүлэх/
  • ХПВ-ийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах.
  1. Вакцинаар ХПВ-ийн халдвар болон умайн хүзүүний хорт хавдрыг эмчилж болох уу?

Одоогоор хэрэглэж буй вакцин нь умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэхгүй. Тийм учраас ХПВ-ийн халдвар авахаас өмнө буюу бэлгийн харьцаанд орохоос нь өмнө вакцин хийлгэж хамгаална. Вакцин хийлгэсэн ч умайн хүзүүний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал юм.

  1. ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хэр үр дүнтэй вэ?
  • Вакцины нэг тун хийлгэснээр халдвараас 98% хамгаалдаг. Вакцин урт хугацааны дархлаа тогтоох боломжтой бөгөөд олон улсын судалгаагаар дархлаа тогтоц 10-аас дээш жил үргэлжилж байгааг тогтоосон.
  • ХПВ-ийн эсрэг 4 цэнт вакцин нь ХПВ-ийн шалтгаант умайн хүзүүний хорт хавдрыг зонхилон үүсгэдэг вирусийн 16, 18 хэв шинжийн халдварыг 70-80 хувь бууруулдаг.
  • Бэлгийн үү ба кандиломыг үүсгэдэг 6 ба 11 хэв шинжийн халдварыг 80-90 хувь бууруулдаг.
  • Вакцинжуулалт хийснээс 10 жилийн дараах үр дүнг судалсан судалгаагаар 9-16 насны вакцин хийлгэсэн охидыг вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдлийг 88 хувиар бууруулсан байна.
  • АНУ, Австрали, Дани, Шотланд зэрэг вакцин нэвтрүүлсэн олон оронд умайн хүзүүний хавдрын 16,18 хэв шинжийн тархалт 66-83 хувь буурч, хөвгүүдийн бэлгийн үү 48 хувиар буурсан байна.
  • Швед Улсад хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийснээр умайн хүзүүний хорт хавдар 88 хувиар буурсан байна.
  1. ХПВ-ийн халдварын эсрэг вакцин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үү?

АНУ-ын Хүнс, эмийн байгууллага, Европын эмийн агентлаг зэрэг олон орны үндэсний зохицуулах агентлагаас зөвшөөрөлтэй бөгөөд аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон. Одоогийн байдлаар дэлхийн 150 гаруй орон ДЭМБ-ын албан ёсны зөвшөөрөл бүхий ХПВ-ийн эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж байна. Манай улсад дээр дурдсан зөвшөөрөл бүхий 4 цэнт вакциныг хэрэглэж байна.

  1. Яагаад вакцинд хөнгөнцагаан агуулагддаг вэ? Энэ нь хүний биед хэр аюултай вэ?

Вакцин нь бусад эмийн адил нэмэлт бодисыг маш бага хэмжээгээр агуулсан байдаг. Эдгээр нэмэлт бодисын нэг нь хөнгөнцагаан бөгөөд антиген, дархлааны систем хоёрын харилцан үйлчлэлийг нэмэгдүүлж дархлааны хариу урвалыг сайжруулдаг вакцины нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь хүний биед гаж нөлөө үзүүлэх хэмжээ биш юм гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байна. Хөнгөн цагаан нь жимс, хүнсний ногоо, шар айраг, дарс, амтлагч, гурил, үр тариа, самар, сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн сүүн тэжээл, зөгийн бал зэрэг олон төрлийн хоол хүнс, ундаанд агуулагддаг. Насанд хүрэгчид өдөрт 7-9 миллиграмм хөнгөн цагаан хэрэглэдэг.

  1. ХПВ-ийн вакциныг өмнө нь манай улсад хэрэглэж байсан уу?

Тийм. Манай улсад 2012 онд 10,000 гаруй охидод 3 тунгаар ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг хэрэглэсэн. Үүнээс хойш сайн дурын дархлаажуулалтаар хийж байна.

  1. ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгээд тухайн вирусийн халдвар авах уу?

ХПВ-ийн халдварын эсрэг 4 цэнт вакцин хийлгэснээр тухайн вирус (16, 18, 6, 11)-ийн хэвшинжээр үүсгэгддэг хортой, хоргүй хавдраас сэргийлнэ.

  1. ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг яаж гаргаж авсан бэ?

ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь ХПВ-ийн бүрхүүл уураг (L1 капсидын уураг)-ийг цэвэршүүлэх замаар гаргаж авсан рекомбинант идэвхигүйжүүлсэн вакцин юм. ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь вирусийн ДНХ-ийг агуулдаггүй учраас эсийг халдварлуулж, үржиж, өвчин үүсгэхгүй.

  1. ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг хэнд хийх вэ?

Монгол Улсын засгийн газрын 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор батлагдсан “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-ын дагуу 11 настай хүүхдийг 1 тунгаар дархлаажуулна.

  1. Яагаад ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг 11 насны хүүхдүүдэд хийх вэ?

Өсвөр насны хүүхдийг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө вакцинд хамруулах нь хамгийн үр дүнтэй байдаг. 11 настай хүүхдийг дархлаажуулахад үүсэх эсрэг биеийн түвшин түүнээс дээш насныхантай харьцуулахад өндөр байдаг.

  1. Хөвгүүд вакцин хийлгэж болох уу?
  • Болно. ХПВ нь умайн хүзүүний хорт хавдраас гадна ам, залгиур, хоолой, толгой, хүзүү, хошногоны амсар, шодой, шулуун гэдэсний хортой хавдар, бэлгийн үү, ургацаг зэргийг эрэгтэй, эмэгтэй хүйсэнд адилхан үүсгэдэг. Мөн ХПВ-ийн халдвар бэлгийн зам (аман болон аман бус хавьтал)-аар дамждаг. Иймээс эрэгтэй хүүхдэд хийх нь өөрийг нь болон гэр бүлийг нь ХПВ – ээр үүсгэгддэг олон төрлийн өвчлөл болон хортой, хоргүй хавдраас сэргийлэх ач холбогдолтой юм.
  • Дэлхийн 75 улс, ялангуяа хөгжсөн улс орнууд хоёр хүйсэндээ вакциныг хийж байна.
  1. ХДХВ-ийн халдвартай хүүхэд вакцин хийлгэж болох уу?
  2. Болно. ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг ХДХВ-ийн халдвартай хүнд хийж болно. Вакцин үйлдвэрлэгчийн зааврын дагуу ХДХВ-ийн халдвартай хүнд хийх нь эсрэг заалт болохгүй. Эмчтэй зөвлөлдөж зааврын дагуу дархлаажуулна.
  3. Тусгай хэрэгцээт хүүхдэд вакцин хийлгэж болох уу?

Болно. ХПВ-ийн халдварын эсрэг вакцины эсрэг заалт болохгүй. Эмчтэй зөвлөлдөж зааврын дагуу дархлаажуулна.

  1. Ямар хүүхдүүдэд ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг хийж болохгүй вэ?

Уг вакцины найрлагад орсон бодист харшилтай, вакцин хийлгэхээр ирэх үед халуурсан болон ямар нэг цочмог өвчнөөр өвдсөн, хорт хавдрын эсрэг хими болон туяа эмчилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүүхдэд уг вакциныг хийж болохгүй. Цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол 1 сарын дараа, цочмог гепатитаар өвдсөн бол 6 сарын дараа вакцин хийлгэж болно.

  1. Бусад вакцинтай хамт хийж болох уу?

Бусад вакцинтай хамт хийж болно. Менингококк, гепатит Б, сахуу, татран, хөхүүл ханиад, саагийн идэвхигүйжүүлсэн вакцинтай хамт нэг өдөр өөр өөр тарилгын талбай сонгон тарьж болно.

  1. Саяхан өөр өвчний халдварын эсрэг вакцин хийлгэсэн хүүхдэд ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэж болох уу?

Өмнөх вакцинаас хойш 1 сарын дараа хийлгэж болно.

  1. ХПВ-ийн вакцинаас хоцорсон бол яах вэ?

Товлолт дархлаажуулалтаас хоцорсон 14 хүртэлх насны хүүхэд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан нөхөн дархлаажуулалтад хамрагдаж болно.

  1. ХПВ-ийн эсрэг вакциныг 2 тунгаар хийж байсныг яагаад 1 тун болгосон юм бэ?
  • ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ихэнх орнууд ХПВ-ийн эсрэг вакциныг 2 тунгаар дархлаажуултад нэвтрүүлсэн. 2023 онд ДЭМБ уг вакциныг 1 тунгаар хэрэглэх нь эрүүл мэндийн болон эдийн засгийн үр дүнтэй гэдгийг зөвлөмж болгосон. Ингэхдээ ХПВ-ийн эсрэг вакцины талаарх эрдэмтдийн судалгаа, дэлхийн дархлаажуулалтын шинжээчдийн стратегийн зөвлөх хорооны шийдвэрийг үндэслэсэн юм. Хөгжиж буй орнууд 1 тунгаар охид, хөвгүүдээ хамгаалах нь эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй гэж үзэж байна.
  • 2024 оны байдлаар дэлхийн 59 улс орон ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг 1 тунгаар хийж байна.
  1. ХПВ-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс юу вэ?

ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэсний дараа ажиглалтын өрөөнд 15-30 минут өөрийн биеийг ажиглана. Тарилга хийсэн хэсэгт вакцин тариулсан өдөртөө ус хүргэхгүй, цохих, майжих, нухах, эм, тос, ариутгалын бодис зэргийг түрхэхгүй, хүйтэн зүйл уухгүй, дулаан хувцаслах хэрэгтэй. Өөр бусад ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандана.

  1. ХПВ-ийн халдварын эсрэг вакцин тариулсны дараа ямар хариу урвал илэрч болох вэ?

ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь бусад вакцины адил халуурах, бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, толгой өвдөх болон тарилга хийлгэсэн газар хөндүүрлэх, хавдах, улайх, загатнах, хөхрөх шинжүүд илэрч болно. Энэ нь 2-3 өдрийн дараа эмчилгээ шаардлагагүйгээр өөрөө аяндаа арилна.

  1. ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэсний дараа ухаан алдаж унадаг уу?

Өсвөр насны зарим хүүхэд тариа хийлгэх айдсаас улбаалан муужрах, ухаан алдах тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Иймд вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж ажиглах нь чухал болно.

  1. Уг вакциныг хийлгээд ирээдүйд үргүй болдог, гажигтай хүүхэд төрдөг гэсэн үнэн үү?

Үгүй. Олон улсад хийсэн судалгаагаар вакцины дараа үргүйдэл, төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрсөн тохиолдол одоогоор байхгүй. Мөн манай оронд ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэсэн охидыг хийлгээгүй охидтой харьцуулан даган судлахад жирэмслэлт, төрөлтийн хувь ялгаагүй байсан.

  1. Вакцины талаар таны хэлж буй эдгээр мэдээлэлд би яагаад итгэх ёстой гэж?

Энэхүү мэдээлэл нь вакцины талаарх шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд суурилсан дэлхий дахинд ижил байдаг зөвлөгөө мэдээллүүд юм. Манай улс энэ өртөг өндөр вакциныг худалдан авч хүүхдүүдийг халдварт өртөхөөс өмнө хийж байгаа нь үр хүүхэд хойч үеэ олон төрлийн хортой болон хоргүй хавдраас сэргийлж байгаа үр дүнтэй арга хэмжээ юм. Хэрвээ танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмчтэй холбон өгч болно.

  1. Хэрвээ би хүүхдээ вакцинжуулах талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл хаана хандах вэ?

Та харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төв, эмчид хандаж өөрт хэрэгтэй мэдээллийг лавлах боломжтой.

Мөн дараах байгууллагуудын албан ёсны эх сурвалжаас вакцины талаар мэдээлэл авах боломжтой.:

  • World Health Organization http:// www.who.int/vaccine_ safety/en/
  • S. Centres for Disease Control and Prevention https:// www.cdc.gov/ vaccinesafety/index.html Immunization Action Coalition http://immunize.org
  • Монгол хэл дээрх вэб хаягууд:

(ХӨСҮТ https://www.nccd.gov.mn/, ЭМЯ http://www.moh.mn/ г.м) Фэйсбүүк хаяг: Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Вакцин ба дархлаажуулалт Вакцины талаар худал мэдээлэл интернет орчинд түгээмэл байдаг учир дээр дурдсан эх үүсвэрүүдтэй адил баталгаатай вебсайтуудаас мэдээлэл аваарай.

 

 


ℹ️ℹ️ℹ️👇
👉Уушгины хатгаа🩻
👉Тархи эргэн сэргэхгүй гэмтэх🧠
👉Дүлийрэх👂
👉Дутуу төрөх
👉Хүүхэд бага жинтэй төрөх🤱
👉Эндэх 😔
"Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай"

Тэмбүү өвчин хүний бүх эрхтэн, яс, үс, арьс салст, дотор эрхтэн тэр бүү хэл мэдрэлийн бүхий л эд эсийг гэмтээдэг. 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнээр нийгэм, эдийн засаг, анагаах ухаан, биологийн зэрэг олон шалтгааны улмаас өвчлөл дахин нэмэгдэх хандлагатай болж, өнөөдөр арван мянган хүн тутамд 17-25 тохиолдол болтлоо өсчээ. Төрөлхийн тэмбүү өвчин буурахгүй жилд 40-50 тохиолдол бүртгэгдэж байна. Хэдий тэмбүү ийм хор хөнөөлтэй нийгмийн өвчин боловч бүрэн эмчлэгддэг. Тархах гол шалтгаан нь уг өвчний 60 гаруй хувь нь далд хэлбэрээр оношлогддог. Тухайн халдвар авсан иргэнд ямар нэгэн зовиур шаналал илэрдэггүй учраас эмнэлэгт ханддаггүй аж.

1921 онд анхны “Яр тэмбүү өвчнөөс ард түмнээ салгая” гэсэн уриа гаргаж байжээ. 1927 онд Шастин докторын хийсэн судалгаагаар 600 мянган хүн амын 50 хувь нь тэмбүү өвчний халдвартай байх магадлалтай байна гэсэн судалгааг хийжээ. Мөн Хилтман, Голтен нарын эмчийн судалгаагаар төрсөн хүүхдийн гуравны нэг нь нас бардаг, 15-49 насны бүх эмэгтэйчүүдийн гуравны нэг нь жирэмсэлдэггүй, жирэмсэн эмэгтэйчүүдийн гуравны нэгийнх нь ураг зулбадаг гэх судалгаа гарсан байна.

Бэлгийн үү

Бэлгийн үү нь хүний папилломын вирусээр үүсгэгддэг, дахилт өгдөг өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар юм. Орчин үед энэ вирусийн 100 гаруй хэв шинж мэдэгдэж байна. Хүний папиллом вирусын /ХПВ/ 6, 11 хэв шинж нь бэлгийн үү өвчин, ХПВ-ын 16, 18, 31, 33, 35 хэв шинж нь умайн хүзүүний хучуур эсийн гаж хувирлыг үүсгэн улмаар хорт хавдар үүсгэдэг.

Бэлгийн үү яаж халдварладаг вэ?

1. Ихэвчлэн бэлгийн үү өвчтэй хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана. Арьс салстаар хүрэлцэх маягаар /жишээ нь бэлгийн харьцааны үед/ ХПВ халдварлаж зөвхөн арьс салстанд үлдэж цус болон бусад эрхтэн рүү тархдаггүй байна. ХПВ нь эс дотор байрлаж арьсны хамгийн  гүн давхаргад үрждэг. ХПВ-ээр халдварлагдсан арьсны эс “өсч”, арьс салстын дээд давхарга руу буюу арьс салстын гадаргуу дээр гарч ирэн бусдад халдварлах боломжтой болдог. ХПВ халдварын нэг онцлог бол хүний биед тодорхойгүй хугацаагаар далд буюу “унтаа” байдалд байдаг. Энэ үед уг вирус арьсны гүний давхаргад байдаг бөгөөд халдварлах чадваргүй байхаас гадна лабораторийн шинжилгээгээр ч илэрдэггүй байна. Арьсны бүтэц, арьс салстанд бэлгийн үү хэрхэн өсч үржиж арьс, салст  дээр ургаж гарч буй байдал

2. Халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжина.

Бэлгийн үү өвчний үед хэдийд шинж тэмдэг илрэх вэ?

Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг тодорхойлоход хүндрэлтэй бөгөөд хэдэн долоо хоногоос хэдэн жил ч болдог /дунджаар 1-8 сар/.

Бэлгийн үү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Эрэгтэйчүүдэд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногоны амсар орчимд,  эмэгтэйчүүдэд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногоны амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил, цэцэгт байцаа маягийн нарийн суурьт үү ургацгууд гарна.

  • Ихэнх тохиолдолд энэ ургацаг нь ямар нэг зовиур илэрдэггүй.
  • Гэхдээ үү ургацгийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөлт өгөх, загатнах, цус гарах, үнэр ялгаруулах зэрэг зовиур илэрч болнo.                     

Бэлгийн үү өвчний үеийн хүндрэл, хор хөнөөл нь юу байх вэ?

1. Өвчин үүсгэгч вирүс нь хүний биед хадгалагдсаар байдаг учир өвчин дахих хандлагатай байдаг.

2. Хүний папилломын вирусын хавдар үүсгэх эрсдэл өндөр зарим хэв шинж нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг.

3. Халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжсантай хобоотой хүүхэд амьсгалын замын папилломатоз өвчинтэй болох магадлал өндөр.

Бэлгийн үү өвчин эмчлэгддэг үү?

Эмчилгээний олон аргууд байдаг боловч нэг нь ч төгс эмчилгээ болж чаддаггүй. Одоогоор дэлхий дахинд ХПВ-ын эсрэг эмийн бэлдмэл бий болоогүй байна. Иймээс хийгдэж буй эмчилгээнүүд зөвхөн шинж тэмдгийн эсрэг юм. Ихэвчлэн бэлгийн үүг лазер, электрокоагуляци (цахилгаан)-аар түлж авдаг. Эмчилгээний дараа сорви тогтох хандлагатай байдаг.

Бэлгийн үү өвчнийг урьдчилан сэргийлж болох уу?

1. Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж халдвар авахаас сэргийлэх

2. Дархлаа бууруулдаг дараах хүчин зүйлүүдээс зайлсхийх нь дахих, сэдрэхээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Үүнд: даарах, архи, тамхи хэрэглэх, стресст орох, хэт ядрах, витамины дутагдалд орох гэх мэт орно.

3. Одоогоор дэлхий дахинд ХПВ 16, 18, 6, 11-ийн эсрэг буюу бэлгийн үү, умайн хүзүүний хорт хавдар үүсгэх хэв шинжүүдийн эсрэг 2 төрлийн урьдчилан сэргийлэх вакциныг /Gardasil and Cervarix/ хийж байна. Дээрх вакциныг охид болон хөвгүүдэд бэлгийн харьцаанд орохоос өмнө хийх бөгөөд нилээн өртөг өндөртэй тул хөгжиж буй орнуудад хэрэглэх боломж бага байдаг.

Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн санг сайжруулж, шинэчлэх хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулах

Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих төслийн хүрээнд Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим санг сайжруулж, шинэчлэх хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Шалгаруулалтад хувь хүн болон хуулийн этгээд оролцоно.

Доорх үүргийг гүйцэтгэнэ:

  • Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хөтөлбөр зохицуулах нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, эрсдэлт бүлгийн хүн амтай ажилладаг ТББ-ууд, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба болон Мэдээлэл технологи албатай хамтран ажиллах
  • Одоогийн Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн давуу болон сул талууд, цаашдын хөгжүүлэлт, сайжруулалт хийх боломжуудыг бусад улс оронтой харьцуулан, нарийвчилсан үнэлгээг хийнэ
  • Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн шинэчлэлтэнд зориулсан программ хангамжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон бодлогын даалгавар боловсруулах
  • Эрсдэлт бүлгийн хүн амын программ хангамж боловсруулах, хөгжүүлэх явцад зөвлөх үйлчилгээг сонгогдсон байгууллагад үзүүлэх, чиглүүлэх, хамтран ажиллах
  • ХДХВ,ДОХ-той үйлчлүүлэгчийн боломжит мэдээллийг эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим сантай холбох, нэгдсэн мэдээллийн хаалттай сан бий болгон хөгжүүлэхэд зөвлөн чиглүүлэх

Хувь хүн болон хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

  • НЭМ-ийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • БЗДХ,ХДХВ,ДОХ-ын тусламж үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй, эрсдэлт бүлгийн хүн амтай ажиллаж байсан туршлагатай, тэдний бэлгийн зан үйлийн талаар тодорхой мэдлэгтэй бол давуу тал болно
  • БЗДХ,ХДХВ,ДОХ-ын судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажилд оролцож байсан бол давуу тал болно.
  • Мэдээлэл технологийн чиглэлээр мэдлэгтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
  • Товч намтар, танилцуулга
  • Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар 

Хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 20-27-ны өдрийн 13:00 цаг хүртэл

Цахим хаяг: info@nccd.gov.mn



©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.